
Битүүний өдөр Бурхан шүтээндээ талархлын тахил, шинийн нэгэнд соёрхлын тахил өргөж буян хурааж болно.
Айл гэр бүл гэртээ бурхан шүтээн залж, тахил өргөдөг бол Битүүний өдрийн орой битүүлгийн идээний дээжээс өргөн, өнгөрч буй жилд сайн сайхан олон үйл явдал тохиолдсон, энэ бүгдийг ивээсэн Чухаг дээд гуравтаа гялайлаа хэмээн талархлын тахилыг өргөөрэй.
Шинийн 1-ний өглөө битүүлгийн идээ дээжээ сэлбэж шинэчлэн, цай сүү, идээ цагааны дээжийг бурхан шүтээндээ тахил болгон, энэ жилд өөрийн гэр бүл тэргүүтэй хамаг амьтны бие эрүүл, санасан сайн ажил хэрэг бүхэн сэтгэгчлэн бүтэж, элдвийн барцад саад, гай түйтгэрээс ангид байхыг болгоож хайрла, дээдийн ном үзэж судалж буй бол өөрт ахиц дэвшил гаргахыг адистидлан соёрх хэмээн бодож өргөөрэй. Ингэж бодож тахил өргөвөл буяныг хураана.
Мөн Шинийн 1-15 хүртэлх хугацаанд Бурхан багш рид хувилгааныг үзүүлсэн дүйчэн өдрүүд тохиодог. Эдгээр өдөр бие, хэл, сэтгэлийн гурван үүдээр сайн сайхныг үйлдэж, аль болох сэтгэлээ удирдах, буянд шамдахыг хичээгээрэй. Та бүхэн энэ хугацаанд аль нэг бурханы үүднээс тарнийн тоо авч тоолж болно.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Монгол багшийн айлдвар
